Сатоши Накамото гэж хэн бэ?


  • administrators

    Сатоши Накамото гэж хэн бэ? (Satoshi Nakamoto)

    Сатоши Накамото нь Биткойныг зохиож анх олон нийтэд танилцуулсан хүн юм. Тэрээр 2007 оноос Биткойны кодыг бичиж эхэлсэн бөгөөд өөрийн судалгааны ажлыг 2008 онд Криптограф сонирхогчдын имэйл мэдээллийн сүлжээнд анх танилцуулсан байдаг. Түүний судалгааны ажлын нэр нь “Bitcoin: A peer-to-Peer Electronic Cash System” байсан ба дэлхийн хамгийн анхны төвлөрсөн бус систем бүхий цахим мөнгөний ажиллах зарчмын тухай өгүүлж криптовалютын эхлэлийг тавьсан байна. Удалгүй 2009 оны 1 сард Биткойны эхний хувилбарыг бэлэн болгож олон нийтэд эх кодын хамт танилцуулснаар Биткойн тасралтгүй ажиллаж эхэлжээ. Биткойн олон нийтэд ил болсон үеээс эхлэн цөөнгүй хүний анхаарлыг татаж мэргэжлийн криптографчид болон програмистууд Биткойны хөгжүүлэлтийн ажилд сайн дураар тусалж дэмжиж ирсэн байдаг. Тэдгээр хүмүүсийн тоонд Гэвин Андресен багтдаг ба түүнийг Биткойны хөгжүүлэлтийн багийн ахлах хөгжүүлэгчээр томилсон байна. Удалгүй Сатоши Накамото Биткойны хөгжүүлэлтийн ажилд гар бие оролцохоо больж 2010 оны дундаас эхлэн түүнд хандсан имэйлүүдэд хариу өгхөө зогсоожээ. Тэр цагаас хойш Биткойны хөгжүүлэлтийг Сатоши Накаматотой анх харилцаж байсан хөгжүүлэгч нарын баг болон дараа нь шинээр нэмэгдсэн олон сайн дурынхан тасралтгүй авч явсаар байна.

    Биткойн олон нийтэд түгэн дэлгэрэх тусам Сатоши Накамато гэх нууцлаг хүн хэн байсан тухай асуулт хэвлэл мэдээллийнхний байнгийн анхаарлыг татдаг сэдэв болжээ. Тэрээр жинхэнэ нэрээ нууцлан Сатоши Накамото гэх хуурамч япон нэр зориудаар сонгосон нь эргэлзээгүй юм. Сатоши Накамото өөрийн хувийн мэдээллээ нууцалж байсан нь олон нийтийн анхаарлаас хол байж өөрийн аюулгүй байдал болон энгийн тайван амьдрал эрхэмлэснийх биз. Анх түгэн дэлгэрэхэд нь Америк гаралтай хөгжүүлэгч нар олноор дэмжиж эхэлсэн бөгөөд тухайн үед АНУ-н засгийн газар Биткойн гэх цоо шинэ зүйлийг хараахан ойлгож амжаагүй мөн янз бүрийн улс төрийн шалтгаанаар Биткойныг хардаж сэрдэж байсан нь Cатошид өөрийгөө нууцлах хангалттай шалтгаан юм. Сэтгүүлч судлаач нар Биткойны зохиогчоор олон хүнийг тодруулсанч одоогоор хэн нь ч өөрийгөө Сатоши Накамото гэж хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тэр хэнч байлаа гэсэн түүний үлдээсэн оюуны бүтээл болох Биткойн өөрөө бие даан юунаас ч хараат бусаар ажиллах чадвартай дэлхийн хамгийн анхны цахим мөнгөний систем болжээ.

    “Bitcoin: A peer-to-Peer Electronic Cash System” :

    https://bitcoin.org/bitcoin.pdf

    Криптограф:
    Мэдээллийг нууцлах болон тайлах арга техник юм. Тусдаа шинжлэх ухааны салбар болон хөгжиж байгаа. Орчин үеийн криптограф нь математикийн онол болон компьютерийн шинжлэх ухааны ололтуудыг хослуулан ашигладаг.


Log in to reply
 

Looks like your connection to MongolBitcoin was lost, please wait while we try to reconnect.